Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо 10 жилийн ойгоо тэмдэглэлээ.
Ойн хуралд Монгол улсын гавъяат барилгачин Ц.Сампилноров, Л.Шагдаррагчаа, МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан М.Даваасүрэн, Т.Цоодол, БХБЯамны төлөөлөгч болон БХҮНТөвийн дарга Г.Мягмар, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн захирал Г.Батсүх, МБХолбооны ерөнхийлөгч М.Батбаатар, МБҮЭХолбооны дарга Б.Батцогт нарын 40 гаруй зочид төлөөлөгч, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч, гишүүн байгууллагуудаас 80 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцлоо.
МБМҮХолбооны тэргүүн М.Түмэнжаргал хуралд ирсэн зочид, төлөөлөгчдөд хандан 2003-2013 онд уг холбооны тэргүүлэгчид, ажлын аппаратын хамт олны хийсэн ажил, барилгын материалын үндэсний үйлдвэрүүд, гишүүд дэмжигчдийн төлөө бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэн, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн ажлын талаар товч дурьдаж, мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын үеэр Барилгын материалын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, авах арга хэмжээ болон холбооноос гүйцэтгэж ирсэн ажлын талаар холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж илтгэл тавьлаа. Мөн хуралд оролцсон зочид төлөөлөгчдөөс МБМҮХолбооны 10 жилийн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирснийг Монголын барилгачид, үйлдвэрлэгчид өндрөөр үнэлж, бусад ТББ, мэргэжлийн холбоодоос илүү их амжилттай ажиллаж ирснийг тэмдэглэн, 2002 онд төр засгаас үйлдвэрлэгчдийг дэмжих дэмжлэг гэж байхгүй байхад холбоо байгуулагдаж байлаа. Үйлдвэрлэгч бидний үгийг төр засгийн бодлогод тусгаж өгөх, үйлдвэрлэгч бидэнд үйлдвэрлэлийн техник, технологийн талаар зөвлөгөө өгч байдаг энэ холбоондоо, тухайлбал холбооны ажлын хамт олонд баярлан талархаж явдгаа илэрхийлж, цаашдын ажил үйлсдээ улам их амжилт гаргахыг төлөөлөгч олноос хүсэж, баяр хүргэлээ.
Холбооны 10 жилийн хуралд зориулсан хүндэтгэлийн концерт.
Холбооны их хурлаас МБМҮХолбооны шинэчлэн найруулсан дүрмийн төслийг танилцуулсан. Уг төсөлд:
1. Холбооны үйл ажиллагааг гадагш өргөтгөхөд “үндэсний” гэдэг үг чухал ач холбогдолтой тул “Барилгын материал үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо” гэж нэрлэх
2. Холбооны гишүүнчлэл нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ хурдтай өргөжиж байгааг харгалзан үйлдвэрлэгчдийн төлөөллийг өргөн оруулах зорилгоор удирдах зөвлөлөө өргөтгөж 17 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тусгасныг гишүүд төлөөлөгчид санал нэгтэй батлав.
Ийнхүү МБМҮХолбооны 10 жилийн ойн баярын хурал амжилттай болж өндөрлөсөн бөгөөд холбооны Тэргүүнээр холбоог анх санаачлан үүсгэн байгуулагчдын нэг М.Түмэнжаргал улиран сонгогдож, Дэд тэргүүнээр Ч.Баатарсүрэн, Гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, Ерөнхий нарийн бичгийн даргаар А.Оч нар сонгогдлоо.