Урт нэртэй хуулийн тухай

 Мэдээний зураг
2015-01-30 17:30

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

              Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг хийх асуудалд “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Элс  хайрга үйлдвэрлэгчдийн холбоо” саналаа нэгтгэн оруулж идэвхитэй оролцлоо.

     Чуулганы  /2015.01.29/-ны өдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

       Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин нар танилцуулав.

         Засгийн газрын хуралдаанаас Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулахыг чиглэл болгосны дагуу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

     Улсын Их Хурлаар 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр энэхүү хуулийг баталсан. Хуульд, дагаж мөрдсөнөөс хойш 5 сарын хугацаанд багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар заасан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй.

     Мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдын нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийн хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.

     2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан. Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон.

     “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно. Ингэснээр хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулна. Харин хуулийг дагаж мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, түүн дээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй гэдгийг Уул уурхайн сайд илтгэлдээ дурдлаа.

     Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдийн асуусан асуулт, тодруулгад Уул уурхайн сайд Р.Жигжид болон Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Арвин нар хариулт өгөв. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол нар өөрсдийн байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм.

     Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлэхдээ, Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэг сайн ажилласан. Урт нэртэй хуульд хамрагдсан бүх газруудын хилийн зааг, зурвасыг тогтоож, энэ нь хууль зөрчсөн эсэхийг маш сайн тогтоосон. Өнөөдөр гишүүд хилийн заагийг тогтоож чадсан уу, төр энэ чиглэлийн ажлаа хийж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудлыг хөндөж байна. Бид төрд ажиллаж байгаа олон хүмүүсийн хийж байгаа ажилд хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүн дуртай зүйлээ дураараа ярьж болдог ч мэдээллээ зөв солилцох шаардлага байгаа нь харагдаж байна. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор сумын засаг даргын захирамжийг үндэслэн хамгаалалтын бүс, хилийн заагийг баталсан боловч хилийн зааг тогтоосон цэг солбилцол алдаа ихтэй байсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад бэрхшээл учруулж байгаа ийм олон зөрчил дутагдал байгаа. Яагаад гэвэл тогтоож байгаа хүмүүс мэргэжлийн түвшинд бэлтгэгдээгүй, асуудлаа ойлгож чадаагүйн улмаас олон хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг эдийн засаг хямарсан энэ хүнд хэцүү байгаа үед нэлээд эрсдэлд оруулсан. Тийм учраас энэ асуудлыг бодитойгоор авч үзэж шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Бид цаашид ажлын хэсэг дээр усан сан бүхий газрын хилийг нарийвчлан хянаж газар дээр нь тодотгож баталгаажуулах, усны нөөцийг хамгаалах, ус зүйн мэдээ, мэдээлэлтэй оновчтой хослуулах бодлого, чиглэлийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Мөн ойн сан бүхий газрын тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэх, ойн сан бүхий газарт орж буй өөрчлөлтийг тусгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нарийвчлан тогтоох, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр лицензтэй давхцсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэх арга замыг эрх зүйн баримт бичигт тусгаж Улсын Их Хурлаар батлах шаардлагатай байна гэж үзэж байна гэлээ.

     Ингээд байнгын хорооны саналаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,4 хувиар дэмжлээ. Ингэснээр хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.