ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Барилга Хот Байгуулалтын Сайдын 2017 оны 29 дүгээр тушаалаар "Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл" олгох эрхийг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо БХБЯамтай шууд гэрээ байгуулан, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгож байгаа билээ.

Эрхэм инженер, технологич та бүхэн энэхүү зөвлөмжийг сайтар уншаад, тусгай зөвшөөрлийн материалаа зөв бүрдүүлэхийг хүсэж байна.

 

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчилсэн журмаар олгох болсноор

практикт бий болж байгаа эерэг үр дүн:

  • Үндэсний компаниудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар сайжирч импортыг орлон экспортод гарах боломжийг бүрдүүлэх боллоо. Энэ нь үйлдвэрлэгчид тоог бус чанарыг эрхэмлэх үүний тулд үйлдвэрийнхээ технологийн дэвшилд анхаарч тэр нь тусгай зөвшөөрлийн гол үнэлгээ болсон.
  • Барилгын зураг төсөвт шинэ дэвшилттэй, чанартай материалын нэр төрөл түлхүү тусгагдан, чанаргүй тусгай зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнүүд зах зээлээс шахагдах болсон. 
  • Шинэ техник технологи дамжуулах, НОУХАУ нэвтрүүлэх, нутагшуулах асуудалд үйлдвэрлэгчид идэвхитэй эрэл хийх чиг хандлага мэдэгдэхүйц дээшилж байна.

Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг

 Төрийн бус байгууллагад шилжүүлснээр гарах ахиц дэвшил :

  • ЗТБХБЯамны /хуучнаар/ олгож байсан Барилгын материалын үйлдвэрийн тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтүүд нь бизнес эрхлэгчдэд 17 төрлийн хэт их хүнд нөхцөл шаардсаныг хялбаршуулж 50 % бууруулан зайлшгүй байх гол үзүүлэлтийг сонгож оруулсан.
  • Улсын статистик мэдээг давхардуулсан 33 мэдээ тайлан гаргахыг шаарддаг байсныг шигшиж 50 % багасгав.
  • Тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангах материалыг бүрдүүлэхдээ тухайн аж ахуйн нэгжийн боловсруулж ирүүлсэн материалыг магадлахгүйгээр болно болохгүйн аль нэг шийдвэрийг өгдөг байсныг өөрчлөн мэргэжлийн баг томилон газар дээр нь үзэж танилцан бодит байдлын судалгаа хийж, заавар, зөвөлгөө өгч үйлчилж байна. Энэ нь олон дахин явдаг чирэгдлийг арилгасан.
  • Жижиг Дунд Үйлдвэрүүдэд харьцангуй хөнгөн нөхцөлтэй, шуурхай үйлчилж ховор мэргэжлийн дадлага туршлагатай, мэргэжлийн чадавхи өндөр инженер техникийн ажилтнуудтай гэрээ хийж, татан оролцуулах журмаар ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораторитой гэрээтэй ажиллаж болохч гагцхүү тогтмол хугацаанд түүхий эд бүтээгдэхүүнд хийх ёстой шинжилгээг заавал хийлгэж байх ёстой зэрэг олон хөнгөлөлтүүдийг үзүүлсэн.
  • Мөн тусгай зөвшөөрлийг элдэв дарамт, хүнд сурталыг үгүй болгон хөнгөн шуурхай мэргэжлийн үйлчилгээ үзүүлснээр авилгад өртөх боломж хаагдна.

           Тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн аж ахуй нэгжүүдэд дараахи нийтлэг алдаа давтагдаж байна.

      Юуны өмнө Барилга Хот Байгуулалтын Сайдын 2012 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан нэгдүгээр хавсралтын “Тусгай зөвшөөрлийн өргөдөл” маягтыг бөглөж, холбогдох баримт бичгүүдийг иж бүрдүүлж хавсаргана. Үүнд:

A.     Өргөдлийн загварыг 2 хувь хийх ба нэгийг нь албан байгууллагынхаа бланк дээр буулгаж авч ирнэ. Өргөдлийн ард эдгээр баримтууд хавсаргагдана.

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  •  Гадаадын хөрөнгө оруулалттай бол гэрчилгээний хуулбар
  •  Технологийн зааврыг бүртгүүлсэн дугаар бүхий нүүр хуудасны хуулбар
  •  Тохирлын гэрчилгээ авч байсан бол тохирлын гэрчилгээний хуулбар
  • Бүтээгдэхүүндээ хийлгэсэн итгэмжлэгдсэн сорил шинжилгээний лабораториудын  шинжилгээний бичгийн хуулбарууд

B.     Маягт 1: “Аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг “ баганад оффис болоод үйлдвэрийн байршлыг тодорхой бичнэ.

C.    Маягт 2-т танилцуулгаа бичихдээ хэзээ байгуулагдсан, хаана байрладаг, хаанахын ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг, суурилагдсан хүчин чадал, бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас авдаг, ажилчдын нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг зэргээ дурьдана. Тусгай зөвшөөрөл сунгуулах аж ахуй нэгж гэрээний биелэлт дүгнэсэн талаар албан тоот хийж ирнэ.. Мөн танилцуулгадаа энэ 3 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар тайлагнана.

D.    Маягт 3: “Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” баганад тоног төхөөрөмжийнхөө нэрийг  жагсаагаад  бичдэг. Энд тухайн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдаж авсан үнийн дүн бичигдэнэ.  “Үйлдвэрлэсэн хэмжээ” баганад сүүлийн 3 жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг он тус бүрээр, шинээр баригдсан үйлдвэр бол тухайн хугацааны үйлдвэрлэсэн хэмжээгээ бичнэ. Ард нь тухайн байгууллагын сүүлийн улирлын санхүүгийн тайлангийн хуулбар хавсрагдана.

E.     Маягт 4:  “Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын хоёрдугаар  хавсралтын “Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх ажлын суурь шаардлагад заагдсан технологич инженер, механик инженер, цахилгааны инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан байх ёстой. Аж ахуйн нэгжүүд цахилгаан, механикийн гэмтэл, засвараа хувь хүн, туршлагатай ажилчнаараа бодит байдал дээр хийлгэж байгаа нь тоног төхөөрөмжийн ашиглалт, цаашдын үйлдвэрийн хөгжилд муу үр дагавартай байдаг. Бага, дунд хүчин чадалтай үйлдвэрүүд мэргэжлийн инженертэй гэрээ хийн тоног төхөөрөмжийн ашиглалтаа хариуцуулах нь оновчтой юм.

Тусгай зөвшөөрөл хүсэгчид энэ маягтыг дутуу бөглөх, маягт 6-тай хамтруулж бөглөж алдаа гаргадаг.

F.     Маягт 5: Зөвхөн инженерүүдийн диплом, цахим үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж, эдгээр инженерүүдийн ажлын тодорхойлолт, туршлагыг хүн тус бүрд бичнэ.

G.    Маягт 6:  “Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх ажлын суурь шаардлагад нийт ажилчдын 60- аас доошгүй хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдсан байна гэж заасан байгааг хэрэгжүүлж, гол дамжлагын ажилчдаа сургалтанд хамруулсан байх шаардлагатайг хэрэгжүүлээгүйгээс цаг алдаж, эргэж буцаж байна. Чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг мэргэжлийн ажиллагсад л хийж чадах нь мэдээж. Энэ шаардлага нь тоног төхөөрөмжийн ашиглалт, технологийн горимын мөрдөлт, чанартай бүтээгдэхүүн гаргах гол үзүүлэлт болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

H.    Маягт 7:  Үйлдвэрийн дотоод технологийн тээврийн техник, машин механизм, хөдөлмөр хамгаалаллын багаж хэрэгсэлийг бөглөхгүй орхих дутагдал гардаг. Маягтын ард нь дүүргийн мэргэжлийн хяналтаас авсан машин механизм, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны гэрчилгээ, хэмжилтийн багаж хэрэгсэлтэй аж ахуй нэгжүүдэд стандарт тохирлын газрын хэмжил зүйн гэрчилгээний хуулбар хавсаргагдсан байна.

I.      Маягт 8,9 нь технологийн зааварт бичигдсэн байдаг тул бөглөхөд амархан боловч орхигдуулдаг. Томоохон үйлдвэрүүд, мөн бетон зуурмаг, цемент, автоклавын хөнгөн бетоны үйлдвэрүүд шинжилгээний лабораторитой байх зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад чиглэлийн  жижиг, дунд үйлдвэрүүд итгэмжлэгдсэн лабораторитой гэрээ байгуулан ажиллаж болох юм.

Экспертийн баг үйлдвэрүүдийг очиж үзэхэд гардаг нийтлэг алдаа:

  • Бүх материалаа тусгай зөвшөөрлийн материал хүлээн авах мэргэжилтэнд өгсөн гэж хэлдэг. Гэтэл энэ нь үнэндээ тэдгээр материалуудын хуулбар хувь байдаг учир эх материалыг бэлдсэн байх шаардлагатай.
  • Анхан шатны бичиг баримт нь үйлдвэр дээр байхгүй гэсэн шалтаг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрсдөө хийх ёстой ажлаа үгүйсгэдэг. Үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг хангахад шаардлагатай бичиг баримт үйлдвэр дээрээ л өдөр тутам бичигдэж, бүртгэгдэн хөтлөгдөөд  явж байх ёстой.
  • Тоног төхөөрөмж тус бүрдээ газардуулгаа холбодоггүй. Энэ нь өөрсдийн аюулгүй ажиллагаанд осолтой болохыг ойлгодоггүй.